Машины дугаарын тухай сонирхолтой баримтууд
Дугаарын
тэмдгийг ХIХ зуунд морин тэрэг болон унадаг дугуйнд өгдөг байжээ. 110
гаруй жилийн өмнө 1901 оны дөрөвдүгээр сарын 25-нд дэлхийд автомашины
албан ёсны дугаарыг анх удаа нэвтрүүлсэн байна. Энэ явдал Нью-Йорк хотод
болсон бөгөөд тэгэхэд машинтай бүх хүн өөрийн тээврийн хэрэгслийг
бүртгүүлж, дугаар зүүх ёстой байсан бөгөөд ингэхдээ нэг доллар төлдөг
байж.
- АНУ-ын “дугаарын” анхдагчийг 1901 онд Берлиний худалдаачин Рудольф Гёрцог хотын захиргааны зөвшөөрлөөр машиндаа IA1гэсэн дугаар авчээ. IA гэдэг нь түүний залуу эхнэр Иоганна Анкерын нэр, овгийн эхний үсэг байсан бөгөөд тэр миний анхны, цорын ганц эмэгтэй гэсэн утгатай байж.
- Эхлээд дугаарын тэмдэг стандартгүй байж, жолооч бүр түүнийг өөрөө хийх юмуу дугаарыг хийдэг хүмүүсээс худалдан аваад, машиндаа зүүж болдог байжээ.
- Орост машины дугаарын тэмдэг 1904 онд бий болжээ.
- Хувьсгалын өмнөх Орост хот бүр өөрийн дугаарын системтэй байжээ. Техникийн үзлэг хийлгэсний дараа жил бүрийн гуравдугаар сарын 15-нд дугаарыг солих ёстой байсан бөгөөд ингэхдээ дугаарын өнгө нь өөрчлөгддөг байж. Хоёр нүхтэй дугаарыг үдээсээр бэхлэдэг байжээ!
- ЗСБНХУ-ын хэмжээнд 1931 онд нэгдмэл загварын дугаар бий болгосон байна. Цагаан дэвсгэр дээр хар өнгөөр нэг үсэг, хоёр тоо бичдэг байжээ. Мөн тэр жилүүдэд мотоциклын дугаарыг урд талын шаврын хаалтан дээр урагшаа тэнхлэгийн дагуу тавьдаг байсан учир хоёр баруун, зүүн гар талаас харагддаг байжээ.
- Юрий Гагарин алдарт нислэгийнхээ дараа нислэг хийсэн өдөр, сар болон нэр, овгийн эхний үсгээс бүрдсэн 12-04 ЮАГ гэсэн дугаартай “Волга” машинаар шагнуулсан байна. Дараачийн сансрын нисэгчид өөрийн машинд Москва мужийн оддын хотхоны индекс болгон ЮАГ гэсэн үсгүүдийг хэвээр хэрэглэж, харин тоогоор нь ниссэн өдөр, сарыг тэмдэглэж байжээ.
- 1980 оны Москвагийн зуны олимпийн наадмаас 2-3 сарын өмнө олимпийн наадамд үйлчлэх зорилгоор ОЛМ цувралын хар үсэгтэй илүү том цагаан дугаартай машинууд үзэгдэх болжээ. Харин өөр хотын бүх машиныг Москвагийн автомашины тойрог замын гадна гаргаж, Москвагийн машинуудын хөдөлгөөнийг элдвээр хязгаарлаж байсан байна.
- Орост өнөөдрийн загварын дугаарын тэмдгийг 1994 онд бий болгожээ. Тэгэхэд 27 үсгийн оронд латины цагаан толгойд байдаг тэр 12 үсгийг л үлдээсэн байна
- Нэрийн дугаар АНУ-д анх гарсан бөгөөд өнөөдөр ч Англи, Герман, Франц, Бельги, Швейцар, Финланд, түүнчилэн ӨАБНУ, Аргентин, Индонез зэрэг олон оронд хууль ёсны дагуу албан ёсоор хэрэглэж байна. Ийм дугаар нь бусад ердийн дугаараас хэд дахин илүү үнэтэй байдаг.
- “AM General” компани цэргийн зориулалттай “Hummer”жийпийг 1992 онд энгийн хүмүүст нээлттэй худалдахаар шийдвэрлэжээ. Рекламын зорилгоор Арнольд Шварценеггерт TERMINATOR гэсэн үгтэй дугаар худалдсан байна. Гэвч энэ дугаар яагаад ч юм түүнд удаагүй аж.
- Захирагчийн гарын үсэг зурсан “Keep Kids Off Drugs”(“Хүүхдийг мансууруулах бодисоос хол байлга”) гэсэн бичиг бүхий дугаарууд саяхан америкийн Флорида муж улсад бий болжээ. Ийм дугаартай машины эзэд жил бүр 25 доллар төлдөг бөгөөд энэ мөнгийг залуусын дунд мансууруулах бодистой тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулдаг байна.
- “Азын” дугаарын дуудлага худалдаа дэлхийд маш их дэлгэрсэн юм. 2008 оны Арабын нэгдсэн эмират улсын Абу-Даби хотын 25 настай залуу 14 сая ам. доллараар “1” дугаарын эзэн болжээ. Уг дугаарын анхны үнэ нь 27 мянга гаруй ам. доллар байсан байна.
- Их Бритианид урьд нь хэзээ ч олгосон бүх дугаарын тэмдэг одоо болтол хүчинтэй байдаг. Тээврийн хэрэгсэл өөр оронд очсон юмуу эзэн нь хүссэн нөхцөлд л дугаарыг сольж болно. Тус оронд шинээр орж ирсэн хуучин машинуудад түрүүнд олгоогүй тооны хуучны цувралын дугаар олгож болдог. Хуучин машины дугаарыг хүсвэл нэмэлт мөнгө төлөн шинэ машинд шилжүүлэн тавьж болно, ингэхдээ хуучин машин нь байгаа бол үйлдвэрлэсэн оноос хамааран шинэ дугаар авдаг байна.